Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:33

[1] Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун. Ард түмнүүд ээ, чагнагтун. Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун. Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.

[2] Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстнүүдийн эсрэг байж, уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж, тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.

[3] Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч, тэдний цус нь ууланд нэвчив.

[4] Тэнгэрийн бүх дайчид харваж, тэнгэр ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Тэдний бүх эзэд нь бас усан үзмийн ороонгын навч, инжрийн модны инжир унадаг шиг унана.

[5] Учир нь Миний илд тэнгэрт согтоод, Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.

[6] ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай, Едомын газарт их аллагатай ажээ.

[7] Бас зэрлэг шар тэдэнтэй, залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, тэдний газар нь цусаар нэвчиж, тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.

[8] Учир нь Сионд хариуг нь өгөх жил, өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.

[9] Едомын урсгалууд нь давирхай болж, хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд газар нь шатаж буй давирхай болно.

[10] Тэр нь өдөр ч, шөнө ч унтрахгүй, утаа нь мөнхөд суунаглана. Энэ нь үеийн үед эзгүйрэн, үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.

[11] Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.

[12] Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж, тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.

[13] Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэний бут, өргөст халгай ургаж, цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.

[14] Тэнд цөлийн араатнууд чононцортой тааралдаж, мөн үсэрхэг ямаа ижлээ дуудан орилно. Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж, амрах газраа олно.

[15] Тэнд суман могой үүрээ засаж хэвтэн, өндгөө дарж, тэднийгээ нөмөр дороо цуглуулна. Тийм ээ, шонхрууд төрөл төрлөөрөө цуглана.

[16] ЭЗЭНий номоос олоод уншигтун. Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй, нэг нь ч ижлээ алдахгүй. Учир нь Түүний ам айлдаж, Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм.

[17] Тэр тэдний төлөө шавга хаясан. Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн. Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж, үеийн үед энд орших болно.

Исаиа — Chapters