[1] Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж, эвдэрсэн нуранги болно.
[2] Ароерын хотууд нь мартагдаж, мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг айлгахгүй.
[3] Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл, Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй. Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. —
[4] Тэр өдөр, Иаковын алдар ч буурч, түүний тарган бие туранхай болно.
[5] Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.
[6] Чидун жимсний модыг цохиход, хамгийн дээд мөчрийн оройд хоёр гурван чидун, дөрөв таван жимстэй хамгийн сайн мөчир үлддэгийн адил тарианы хэсэг түрүү үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.
[7] Тэр өдөр хүн өөрийн Бүтээгч уруу хандан, нүд нь Израилийн Ариун Нэгэн уруу харна.
[8] Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ ойшоохгүй, өөрийн хуруугаар үйлдсэн юмс, Ашерагийн модон шон, утлагын тавиур уруу харахгүй.
[9] Тэр өдөр тэдний хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт болно. Эсвэл Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно. Тэнд их хоосрол болно.
[10] Учир нь чи өөрийн авралын Бурханаа мартаж, хоргодох газрынхаа хадыг санасангүй. Ийм учраас чи дур булаам ургамлуудыг тарьж, харийн усан үзмийн нахиаг суулгалаа.
[11] Тэр өдөр чи тэднийг ургуулахаар өглөө нь суулгавч, найдлагагүй гашуудлын өдөр ургац нь юу ч биш болно.
[12] Аяа, олон хүмүүсийн хөл үймээн далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж, үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.
[13] Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж, салхинд хийссэн уулан дахь хивэг, шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.
[14] Үдшийн цагт аллага хядлага болж, өглөө болохоос өмнө тэд алга болно. Энэ бол биднийг дээрэмдэгчдийн хувь, биднийг тоногчдын шавга байх болно.