[1] Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана.
[2] ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино.
[3] Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог. Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй.
[4] Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.
[5] Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ, итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ.
[6] Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж, бяцхан хүү тэднийг удирдана.
[7] Үнээ болон баавгай бэлчиж, тэдний үр зулзагууд нь хамт хэвтэж, арслан нь үхэр үхэр шиг сүрэл иднэ.
[8] Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглож, балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ.
[9] Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана.
[10] Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.
[11] Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.
[12] Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна.
[13] Ефраимын атаархал арилан, Иудагийн дайснууд тас цохигдоно. Ефраим Иудад атаархахгүй бөгөөд Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.
[14] Тэд баруун зүг дэх Филистийн нам дор газрыг довтлон, тэд хамтдаа дорны хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин, Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.
[15] ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж, халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан, хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана.
[16] Израильчууд Египетийн нутгаас гарсан өдөрт тохиолдсон мэт Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.