Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:45

[1] Миний өргөмжилсөн Зарц, Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина. Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.

[2] Тэр хашхирахгүй, дуугаа өндөрлөхгүй бөгөөд гудамжинд ч дуугаа сонсгохгүй.

[3] Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй, мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй. Тэр шударга ёсыг итгэлтэйгээр түрэн авчирна.

[4] Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.

[5] Тэнгэрийг бүтээж татаад, дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн, түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч, түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

[6] "Би бол ЭЗЭН. Би чамайг зөвт байдалд дуудсан. Би бас чиний гараас чинь атгаад, чамайг харгалзана. Би чамайг ард түмэнд гэрээ болгож, үндэстнүүдэд гэрэл хэмээн томилно.

[7] Энэ нь сохрын нүдийг нээн, гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.

[8] Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.

[9] Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө, эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна. Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ".

[10] ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг газрын хязгаараас магтагтун. Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн, арлууд болон дээр нь оршин суугчид аа.

[11] Цөл хийгээд түүний хотууд, Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн. Селагийн оршин суугчид чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!

[12] Тэд ЭЗЭНд алдрыг өргөг! Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай!

[13] ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна.

[14] Би удаан хугацааны турш дуугаа хурааж, биеэ барьлаа. Төрөх гэж байгаа эмэгтэй мэт би хашхирч, амаа ангайлган, бахардах болно.

[15] Би уул толгодыг хоослон, тэдний бүх өвс ногоог хатаан, гол мөрнийг нь арлууд болгож, цөөрмүүдийг нь ширгээнэ.

[16] Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан, тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана. Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол Миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй.

[17] Цутгамал хөргүүдийг "Та нар бидний бурхад" гэж хэлэгчид, шүтээнүүдэд итгэгчид эргээд, бүрмөсөн гутаагдана.

[18] Дүлий хүмүүс ээ, сонсогтун! Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!

[19] Миний боолоос өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ? Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор, ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?

[20] Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй. Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.

[21] Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их, алдартай болгох нь ЭЗЭНд таатай байдаг.

[22] Гэвч энэ бол тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан. Тэд олз болсон. Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч "Буцааж өг" гэж хэлэхгүй.

[23] Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ? Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?

[24] Хэн Иаковыг олз болгож, Израилийг дээрэмчдэд өгсөн бэ? ЭЗЭН биш гэж үү? Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн. Тэд Түүний замаар явахыг хүссэнгүй, Түүний хуулийг дагаагүй.

[25] Тийм учраас Тэр Өөрийн уур хилэнгийн ааг омгийг, хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй.

Исаиа — Chapters