[1] Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс, аймшигт газраас ирнэ.
[2] Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.
[3] Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн, төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй, айснаасаа болж харж чадсангүй.
[4] Миний зүрх чичрэн, айдас намайг эзэмдэн, миний хүсэн тэмүүлсэн бүрэнхий нь миний хувьд аймшиг болон эргэв.
[5] Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна. "Ахмадууд аа, босогтун. Бамбайнуудаа тослогтун".
[6] Тиймээс Эзэн надад айлдан "Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг.
[7] Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд болон илжигний ба тэмээн цувааг хармагцаа маш анхааралтай, сонор сэрэмжтэй байгтун" гэв.
[8] Тэгээд манаач ийн хашхирав. "Өө Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна. Би шөнө бүр манааны байрандаа байрлаж байна.
[9] Одоо харагтун. Морьтой цэргүүд, тэрэгтэй хүн ирж явна". Нэг нь "Вавилон унав, унав. Түүний бурхдын бүх хөргүүд газар сайгүй хэвтэнэ" гэж өгүүлнэ.
[10] Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн ээ! Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.
[11] Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар "Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ? Манаач аа. Шөнийн хэдэн цаг вэ?" гэв.
[12] Манаач хариулж "Өглөө болж байна, гэвч шөнө болно. Хэрэв та асуувал асуу. Дахин буцаж ир" гэв.
[13] Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.
[14] Темагийн нутгийн оршин суугчид аа. Цангасанд нь ус авчирж, оргодлуудыг талхтай угтагтун.
[15] Учир нь тэд илднээс, далайсан илднээс, татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.
[16] Эзэн үүнийг надад айлдав. "Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан эцэс болно.
[17] Кедарынхөвгүүдийн хүчит эрс болох харваачдаас үлдсэн нь цөөхөн байх болно" гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан".