[1] Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч, өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун. Та нар бусдыг сүйтгэхээ болиход, өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход, та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.
[2] Өө ЭЗЭН, бидэнд нигүүлсэнгүй хандаач. Бид Таныг хүлээнэ. Өглөө бүр Та бидний хүч болж, зовлонтой цагт Та бидний аврал байгаач.
[3] Аянгын дуунаар хүмүүс зугтаж, Таныг босоход үндэстнүүд тараагдана.
[4] Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно.
[5] ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө. Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.
[6] Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн. ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
[7] Үзэгтүн, тэдний зоригтнууд нь гудамжинд уйлалдаж, энхийн элч нар нь гашуудан цурхирна.
[8] Их замууд хоосрон, аялагчид алга болов. Тэр гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн, хүнийг ойшоосонгүй.
[9] Газар нь гашуудан хатав. Ливан нь ичин гандав. Шарон нь эзгүй тал мэт болов. Башан ба Кармел ч навчнуудаа гөвөв.
[10] "Одоо Би босно" гэж ЭЗЭН айлдаж байна. "Одоо Би өргөмжлөгдөнө. Одоо Би өргөгдөнө.
[11] Та нар өвсөөр жирэмсэлж, сүрэл төрүүлнэ. Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.
[12] Хүмүүс нь далдуу мод мэт, галд шатаж буй тастагдсан үүргэнэ мэт шатна.
[13] Холынхон та нар, Миний юу хийснийг сонсож, ойрынхон та нар, Миний хүчийг мэдэгтүн" гэв.
[14] Сион дахь нүгэлтнүүд айж, бурхангүй хүмүүс түгшүүрт автав. "Бидний хэн маань түймэрдэгч галын дотор амьдарч чадах вэ? Бидний хэн нь мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?"
[15] Зөв шударгаар явж, үнэнийг өгүүлж, шударга бус олзыг жигшиж, хахууль авахаас гараа хол байлган, цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн, мууг үзэхгүйн тулд нүдээ аньдаг
[16] хүн өндөрт заларч, түүний хоргодох газар нь хадан бэхлэлт байх болно. Түүнд талхыг нь өгч, ус нь элбэг байх болно.
[17] Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж, тэд алс холын газрыг үзнэ.
[18] Чиний зүрх "Тооллого хийгч хаана байна? Татвар хураагч хаа байна? Цамхаг хянагч хаа байна?" гэж аюулыг тунгаан бодно.
[19] Хэн ч ойлгохгүй бэрх яриатай, хэн ч үл ойлгох харь хэлтэй догшин хүмүүсийг чи цаашид харахгүй.
[20] Манай баяр наадамд тохоогдсон хот Сионыг харагтун. Энх амгалангийн орон, гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, нэг ч аргамж нь тасрахгүй, эвхэгдэхгүй майхан болон Иерусалимыг үзнэ.
[21] Тэнд цог жавхлант Нэгэн болох ЭЗЭН бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, түүгээр сэлүүрт завь хийгээд усан онгоц ч өнгөрөхгүй.
[22] Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна.
[23] Чиний аргамж тайлагдаж, шургийн суурь нь уягдахгүй, дарвуул дэлгэж чадахгүй. Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж, доголон хүн ч хувь хүртэнэ.
[24] "Би өвчтэй байна" гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдах болно.