[1] Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.
[2] Эргийн оршин суугчид болон Сидоны наймаачид аа, чимээгүй байгтун. Танай элч нар тэнгисийг гатлан,
[3] их усан дээр байсан. Тирийн орлого нь Шихорын үр тариа, Нилийн ургац бөгөөд тэрээр үндэстнүүдийн зах зээлийн газар байсан юм.
[4] Сидон оо, далайн цайзууд аа. Ичигтүн гэж далай хэлнэ. "Би хүүхэд төрүүлэх гэж зовоогүй. Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй" гэж өгүүлэв.
[5] Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд гашуудна.
[6] Таршишийн хажуугаар өнгөрөгтүн. Эрэг хавьд суугчид аа, уйлагтун.
[7] Энэ нь эртний гаралтай, хөлийг нь алс хол газруудыг эзэмшихэд ашиглаж ирсэн, та нарын наргиант хот уу?
[8] Наймаачид нь, ноёд, худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн, титмүүдийн соёрхолт Тирийн эсрэг хэн үүнийг төлөвлөсөн бэ?
[9] Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан, дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм.
[10] Таршишийн охид оо, өөрийнхөө нутгаар Нил мөрөн мэт дайран өнгөр. Тэнд ямар ч боомт алга.
[11] Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав.
[12] Тэр "Сидоны дарагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй" гэж айлдав.
[13] Халдеичуудын нутгийг харагтун. Энэ бол байгаагүй ард түмэн. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.
[14] Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйлагтун. Учир нь танай бэхлэлт устсан.
[15] Тэр өдөр ирэхэд, нэг л хааны өдрүүд мэт далан жилийн туршид Тир мартагдана. Далан жилийн эцэст янхны дуунд гардаг шиг зүйл Тирд тохиолдоно.
[16] «Мартагдсан янхан аа. Өөрийгөө сануулахын тулд босоо ятгаа аваад, хотоор явж, сайхан тоглож, олон дуу дуулаач».
[17] Далан жилийн эцэст ЭЗЭН Тирд айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалуудтай садарлах болно.
[18] Түүнийашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд зориулагдана. Түүний орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.