Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:33

[1] Израиль гэж нэрлэгдсэн Иаковын гэр ээ! Үүнийг сонс! Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж, Израилийн Бурханыг дууддаг боловч үнэн зөв дотор байдаггүй.

[2] Учир нь тэд өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлээд, Израилийн Бурханд түшиж байна. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.

[3] "Би өнө эрт хуучин юмсыг тунхаглан, Өөрийн амнаас гарсан тэдгээр зүйлсийг Би зарласан. Гэнэт Би үйлдэхэд, тэдгээр нь биелсэн.

[4] Яагаад гэвэл чи зөрүүд, чиний хүзүү чинь төмөр булчин, магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.

[5] Тиймээс Би бүр өнө эртнээс, энэ явдал болохоос өмнө чамд мэдэгдсэн. «Миний шүтээн үүнийг хийсэн, миний сийлмэл хөрөг, цутгамал хөрөг үүнийг тушаасан» гэж чамайг яриулахгүйн тулд ингэсэн юм.

[6] Чи сонссон. Энэ бүгдийг харагтун. Чи үүнийг зарлахгүй юу? Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмс, тэр ч бүү хэл чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.

[7] Тэдгээр нь урьд өмнө нь биш, саяхан бүтээгдсэн юм. Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй. «Хараач, би тэдгээрийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд ингэсэн юм.

[8] Чи сонсоогүй, мэдээгүй. Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан. Учир нь чи бол урван тэрслэгч, төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.

[9] Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.

[10] Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би чамайг цэвэршүүлсэн. Би чамайг зовлонгийн зуухан дотор шалгасан.

[11] Би Өөрийнхөө төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ. Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ? Би Өөрийн алдрыг бусдад өгөхгүй.

[12] Намайг сонсогтун, Иаков оо. Миний дуудсан Израиль аа. Би бол Тэр мөн. Би бол эхэн бөгөөд Би бас эцэс мөн.

[13] Миний мутар газрыг үндэслэн, Миний баруун мутар тэнгэрийг дэлгэв. Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.

[14] Та нар бүгдээрээ цуглаж, сонсогтун. Тэднээс хэн нь эдгээр зүйлсийг тунхагласан бэ? ЭЗЭН түүнийг хайрладаг. Тэр Түүний сайн тааллыг Вавилон дээр авчирна. Түүний мутар халдеичуудын эсрэг байна.

[15] Би, зөвхөн Би айлдсан. Үнэхээр Би түүнийг дуудсан. Би түүнийг авчирсан бөгөөд Тэр түүний замыг өлзийтэй байлгана.

[16] Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун! Би эхнээсээ нууцаар яриагүй. Энэ явдал болох үеэс Би тэнд байсан юм. Одоо Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв".

[17] Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг.

[18] Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно.

[19] Чиний үр удам элс мэт, чиний хойч үе элсний ширхэг мэт болно. Тэдний нэр Миний оршихуйгаас хэзээ ч тастагдахгүй, устгагдахгүй".

[20] Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! "ЭЗЭН Өөрийн боол Иаковыг аварлаа" гэж баярт дуугаар зарлаж, үүнийг тунхаглан, газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.

[21] Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй. Тэр тэдний төлөө хаднаас ус гаргаж, хадыг хагалан ус оргилуулав.

[22] "Хилэнцтэнд амар тайван байхгүй" гэж ЭЗЭН айлдав.

Исаиа — Chapters