Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:59

[1] Бел бөхийж, Небо унана. Тэдний хөргүүд нь араатан, адгуусанд ачигдана. Та нарын үүрсэн ачаа ядарсан адгууснуудад дарамт болно.

[2] Тэд бөхийж хамтдаа тонгойно. Тэд ачаагаа ч аварч чадсангүй, өөрсдөө ч олзлогдов.

[3] Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн, Надаар төрсөн.

[4] Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно. Би хийсэн, Би авч явна. Би тээж, аварна.

[5] Намайг та нар хэнтэй адилтгаж, хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж, өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ?

[6] Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, мөнгийг жинлүүрээр жинлэн, алтны дархныг хөлсөлдөг. Дархан түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ бөхийж мөргөдөг.

[7] Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй, мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй.

[8] Үүнийг санагтун. Тууштай байгтун. Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун.

[9] Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.

[10] Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. "Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ" гэж айлдаж байна.

[11] Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна. Үнэхээр Би айлдсан. Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ.

[12] Үнэн зөвөөс алс байгч, хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.

[13] Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна. Энэ нь хол биш байна. Миний аврал удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд Өөрийн алдрыг өгнө.

Исаиа — Chapters