[1] Үзэгдлийн хөндийн тухай зөн. Эдүгээ та нарт юу тохиолдоод, та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?
[2] Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.
[3] Чиний бүх захирагчид хамтдаа зугтсан бөгөөд нум сумгүйгээр олзлогдов. Тэд хол зугтсан боловч олдсон, та нар бүгдээрээ хамтдаа хоригдол болно.
[4] Ийм учраас би "Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд" гэв.
[5] Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий. Энэ бол хэрмийг нурааж, уулын эсрэг хашхирах өдөр юм.
[6] Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч, Кир бамбайг ил гаргав.
[7] Чиний шилмэл сайн хөндийнүүд тэргээр дүүрч, морьтонгууд дааман хаалган дээр жагсав.
[8] Тэр Иудагийн халхавчийг зайлуулав. Тэр өдөр та нар ойн сууцан дахь зэвсэгтээ найдна.
[9] Давидын хотын хэрмэн дэх цоорхой олон байгааг та нар үзсэн. Та нар доод цөөрмийн усыг хураав.
[10] Тэгээд та нар Иерусалимын байшингуудыг тоолж, хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураав.
[11] Та нар хуучин цөөрмийн усанд зориулан хоёр хэрмийн хооронд усан сан барьсан. Гэвч та нар үүнийг хийсэн Нэгэнд үл найдан, үүнийг өнө эрт төлөвлөсөн Нэгэнийг анхаараагүй.
[12] Тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэн та нарыг таар нөмрөн, үсээ хусан, гашуудан уйлаач хэмээн дуудсан боловч,
[13] та нар харин зугаа цэнгэл, баяр хөөр болж, үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна. "Маргааш бид үхэж магадгүй. Тиймээс идэцгээе, ууцгаая!" гэцгээж байна.
[14] Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд "Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав.
[15] Түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна. "Ирэгтүн. Ордны даамал болох, энэхүү нярав Шебна уруу очигтун.
[16] «Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?
[17] Үзэгтүн, хүн ээ! ЭЗЭН чамайг хүчтэйгээр шидэх гэж байна. Тэр чамайг чанга базах гэж байна.
[18] Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн, өргөн уудам улс уруу шиднэ. Чи тэнд үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи өөрийнхөө эзний гэрийн ичгүүр нь болно».
[19] Би чамайг албанаас чинь буулгана. Би чамайг байр сууриас чинь доош татна.
[20] Тэр өдөр Би Хелкиагийн хүү, Өөрийн боол Елиакимыг дуудна.
[21] Би түүнийг чиний дээлээр хувцаслаж, чиний бүсээр бүслэн, чиний эрх мэдлийг түүнд хариуцуулна. Тэрээр Иерусалимын оршин суугчид, Иудагийн гэрийн эцэг болно.
[22] Би түүний мөрөн дээр Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хэн ч хаахгүй, түүнийг хаахад хэн ч онгойлгохгүй.
[23] Би түүнийг хатуу газарт хадаас шиг шаана. Тэр нь эцгийнхээ гэрт алдрын сэнтий болно.
[24] Үр удам, хойч үе ба жижиг сав суулганууд бүгдээрээ, хул аягануудаас бүх ваар савнууд хүртэл буюу эцгийнх нь гэрийн бүх алдрыг тэд түүний дээр өлгөнө.
[25] "Тэр өдөр хатуу газарт хадсан хадаасыг зайлуулна. Тэр хугарч унана. Түүний дээр өлгөгдсөн ачаа ч тасарна" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан юм.