Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:32

[1] Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.

[2] Аяа, тэнгэр минь, сонсогтун. Газар минь, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. "Миний өсгөж, торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.

[3] Шар өөрийн эзнээ таньдаг. Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг. Харин Израиль мэддэггүй. Миний хүмүүс ойлгодоггүй".

[4] Ээ халаг, нүгэлт үндэстэн, гэмд дарагдсан ард түмэн, хорлогчдын үр удам, ялзарсан хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин, Түүнээс гэдрэг эргэлээ.

[5] Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна? Толгой нь бүхэлдээ өвчтэй, зүрх нь бүхэлдээ ядруу байна.

[6] Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.

[7] Та нарын газар эзгүйрч, та нарын хотууд галд шатаж, тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна. Харийнхнаар устгагдсан хоосрол.

[8] Усан үзмийн талбай дахь нуувч, өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.

[9] Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол бид Содомтой адил болж, Гоморратай төстэй байцгаах байсан.

[10] Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бидний Бурханы зааварт чих тавигтун.

[11] ЭЗЭН айлдаж байна. "Та нарын олон тахил Надад юу юм бэ? Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй.

[12] Та нар Миний өмнө үзэгдэхээр ирэхдээ Миний хашааг дэвслэхийг хэн шаардсан бэ?

[13] Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цугларалтын дуудлага болох бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй.

[14] Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна. Тэдгээр нь Надад дарамт болж, тэднийг үүрснээс болж Би ядарч байна.

[15] Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ.

[16] Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун.

[17] Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшинийг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн".

[18] "Нааш ир. Хамт хэлэлцье" гэж ЭЗЭН айлдаж байна. "Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.

[19] Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ.

[20] Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана" гэж ЭЗЭНий ам айлдаж байна.

[21] Итгэмжит хот яаж янхан болсон бэ? Зөв шударгаар дүүрэн, энд үнэн зөв хоноглодог байсан атал, харин одоо алуурчдаар л дүүрчээ.

[22] Чиний мөнгө хог болсон. Чиний дарс усаар шингэлэгдсэн.

[23] Чиний ноёд бол бослого гаргагчид, хулгайчдын найзууд. Хүн бүр хахуульд дуртай бөгөөд шан харамж хөөцөлддөг. Тэд өнчнийг хамгаалдаггүй, бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.

[24] Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. "Аяа, Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж, дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.

[25] Би бас мутраа чиний эсрэг эргүүлж, чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж, бүх хольцыг чинь зайлуулна.

[26] Би танай шүүгчдийг анхных шиг нь, мөн зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ. Үүний дараа чи шударга хот, итгэлт хот гэж нэрлэгдэнэ".

[27] Сион үнэн шударгаар аврагдахад, Түүний гэмшсэн нэгэн зөвт байдлаар аврагдана.

[28] Харин гэмт хэрэгтнүүд, нүгэлтнүүд хамтдаа бяцлагдан, ЭЗЭНийг умартагчдад төгсгөл ирнэ.

[29] Та нар өөрсдийн хүссэн царснаас болж ичнэ. Та нар өөрсдийн сонгосон цэцэрлэгээс болж гутамшиг болно.

[30] Учир нь та нар навчис нь хийсэх царс мэт, ямар ч усгүй цэцэрлэг мэт болно.

[31] Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.

Исаиа — Chapters