[1] Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. "Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр хэрэм, бэхлэлт босгосон.
[2] Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгэнийг болон шударга зөв үндэстнийг оруул.
[3] Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална.
[4] Үүрд ЭЗЭНд итгэгтүн. Учир нь ЭЗЭН БУРХАН дотор мөнхийн Хад бий.
[5] Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, халдашгүй хотыг доройтуулан, газарт унаган шороонд шиднэ.
[6] Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ".
[7] Зөв шударгын зам нь дардан ажээ. Өө, Зөвт Нэгэн ээ, зөв хүний замыг тэгшхэн тавиач.
[8] ЭЗЭН минь. Таны шүүлтийн замаар алхахдаа бид Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, тэр ч байтугай Таны дурсамж бол бидний сэтгэлийн хүсэл болой.
[9] Шөнөөр миний сэтгэл Таныг хүсэмжлэн, үнэхээр миний сүнс өөрийнхөө дотор Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.
[10] Нүгэлтэн энэрэл хайрыг үзэвч зөв явдлыг сурдаггүй. Зөв шударгын газарт тэрээр бурууг үйлдэн, ЭЗЭНий цог жавхланг мэдэрдэггүй.
[11] ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй. Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.
[12] ЭЗЭН, Та мөн бидний төлөө бүх үйлсийг минь бүтээсэн учраас Та бидний төлөө энхийг тогтооно.
[13] Аяа, бидний Бурхан ЭЗЭН, Танаас өөр эзэд биднийг захирсан боловч зөвхөн Танаар дамжуулан бид Таны нэрийг дурдах болно.
[14] Үхдэл нь амьдрахгүй, салан одсон сүнснүүд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, тэдний аливаа дурсамжийг арилгасан.
[15] ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж, үндэстнийг өсгөж, Та алдаршлаа. Газрын бүх хязгаарт Та хүрсэн.
[16] ЭЗЭН минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна.
[17] Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон, өвдөх шаналлаасаа болж орилдог шиг ЭЗЭН минь бид Таны өмнө ийм л байсан.
[18] Бид жирэмслэн, өвдсөн боловч салхи төрүүлж байгаа мэт байна. Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг гүйцээж чадсангүй. Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.
[19] Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүнс сүгүүдийг гаргана.
[20] Миний ард түмэн ээ, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун.
[21] Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.