Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:51

[1] Амозын хүү Исаиагийн үзсэн Вавилоны тухай зөн.

[2] Нүцгэн толгодын дээр туг босгож, дуугаа өндөрсгөн, гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул!

[3] Би Өөрийн уур хилэнг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн ариусгагдсан нэгэнд тушаал өгсөн. Миний өргөмжлөл дотор баясдаг Өөрийн хүчирхэг дайчдыг дуудав.

[4] Олон хүний хөл үймээн мэт уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан. Хамтдаа цугларсан үндэстнүүд, хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан. Түмэн цэргийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг цуглуулж байна.

[5] Тэд алс холын орноос, тэнгэрийн хязгаараас ирж байна. ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг бүх газрыг устгахаар ирж байна.

[6] ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.

[7] Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.

[8] Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна.

[9] Үзэгтүн, Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгах аймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна.

[10] Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.

[11] Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.

[12] Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон, хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.

[13] Би тэнгэрийг донсолгоно. Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичрэнэ.

[14] Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс, эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж, төрөлх нутаг уруугаа зугтана.

[15] Олдсон хүн бүрийг жадалж, олзлогдсон бүрийг нь сэлмээр хорооно.

[16] Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан, орон байрыг нь тонож, эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.

[17] Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч, алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө.

[18] Тэдний нум залуусыг хиаруулан, хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй.

[19] Хаанчлалуудын чимэг, халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом, Гоморраг унагасан шиг унана.

[20] Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй.

[21] Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, тэдний байшингууд шар шувуугаар дүүрч, тэнд тэмээн хяруул амьдарч, сагсгар ямаанууд тоглоно.

[22] Тэдний бэхэлсэн цамхгуудад цөөвөр чоно ульж, баян тансаг харшид нь чононцор үүрлэнэ. Тэр цаг ойрхон, тэр өдөр удахгүй ирнэ.

Исаиа — Chapters