[1] "Вавилоны онгон охин оо, доош бууж шороон дээр суугтун. Халдеичуудын охин оо, сэнтийгүйгээр газар дээр суу. Учир нь чамайг цаашид булбарай, туяхан гэж хэлэхгүй.
[2] Тээрмийн чулуу авч тариа тээрэмд. Гивлүүрээ авч, банзлаа тайлан, нүцгэн хөлөөрөө гол гатлагтун.
[3] Чиний нүцгэн бие ил гарч, чиний ичгүүр ч бас үзэгдэх болно. Би нэг ч хүнийг өршөөхгүйгээр өшөө авна".
[4] Бидний Аврагч түмэн цэргийн ЭЗЭН бол Түүний нэр, Израилийн Ариун Нэгэн.
[5] "Халдеичуудын охин оо, дуугүй суу, харанхуй уруу яв. Учир нь чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.
[6] Би Өөрийн ард түмэнд хилэгнэн, Өөрийн өвийг жигшсэн. Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.
[7] Тэгээд чи «Би мөнхөд хатан хаан байх болно» гэж хэлээд, эдгээр зүйлсийг хайхарсангүй, үүнийг дурсан санасангүй.
[8] Тэгвэл одоо амарлингуй суугаад, «Би байна, надаас өөр хэн ч байхгүй. Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй, хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж зүрхэндээ өгүүлэгч, тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун.
[9] Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ. Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй ч энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.
[10] Чи өөрийнхөө хилэнцэд найдан, «Хэн ч намайг үзэхгүй» гэж өгүүлсэн. Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ. «Би байна, надаас өөр хэн ч байхгүй» гэж чи зүрхэндээ өгүүлсэн.
[11] Гэвч чиний хэрхэн илбэдэн алга болгохоо мэдэхгүй бузар муу юм чам дээр ирнэ. Чиний зайлуулж чадахааргүй гамшиг чам дээр унана. Чиний мэдэхгүй сүйрэл гэнэт чам дээр ирнэ.
[12] Залуу наснаасаа хийж байсан илбүүд, ид шид дотроо чи одоо зогс. Магадгүй чи ашиг олж болох юм. Магадгүй чи чичрүүлж болох юм.
[13] Чи олон зөвлөгөөнөөс болж ядарчээ. Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, шинэ сараар мэргэлэгчид одоо босож, чам дээр буух юмнаас чамайг авраг.
[14] Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна. Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй. Дулаацах нүүрсгүй, өмнө нь суух гал ч байхгүй болно.
[15] Залуу наснаас чинь хамт арилжаа наймаа хийж, хамт хөдөлмөрлөсөн нөхөд чинь чамд ийм л юм хийж чадна. Хүн бүр өөрийнхөө замаар тэнүүчлэх бөгөөд чамайг хэн ч аврахгүй".