[1] Бениамины хөвгүүд ээ, аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.
[2] Дур булаам, хөөрхөн нэгэн болох Сионы охиныг Би устгах болно.
[3] Хоньчид болон хонин сүргүүд нь түүн уруу ирж, түүний эргэн тойронд майхнууд босгож, өөр өөрсдийн газарт бэлчээрлүүлнэ.
[4] Түүний эсрэг дайнд бэлтгэ. Босоцгоо, жин үдэд довтолцгооё. Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байгаа тул бид гаслантай яа!
[5] Босоцгоо, шөнөөр довтолж, түүний ордонг сүйтгэцгээе!
[6] Учир нь түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Түүний моддыг огтолж, Иерусалимыг бүсэл. Дунд нь зөвхөн дарлал байдаг энэ хот шийтгэгдэх ёстой юм.
[7] Худаг усаа цэвэр байлгадгийн адил тэрээр өөрийн хорон муу явдлаа шинэхэн байлгадаг. Хүчирхийлэл болон сүйрэл түүний дотор сонсогддог. Өвчин болон шархнууд Миний өмнө ч байна.
[8] Иерусалим аа, сэрэмжтэй бай, эс тэгвэл Би чамаас хөндийрөн, чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно".
[9] Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тэд Израилийн үлдэгсдийг усан үзмийн модыг мэт гүйцэд түүх болно. Усан үзэм түүгч мэт гараа мөчрүүдийн дээр дахин тавь".
[10] Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов. Тэд түүнийг таашаасангүй.
[11] Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, үүнийгээ барьсаар сульдаж байна. "Гудамжин дахь хүүхдүүд дээр болон залуучуудын цугларалт дээр асга. Учир нь настай болон хөгшин эхнэр нөхөр хоёулаа авагдах болно.
[12] Тэдний гэрүүд, мөн талбайнууд болон эхнэрүүд нь хамтдаа бусдад очно. Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
[13] "Учир нь тэд багаасаа том хүртэл бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.
[14] Тэд "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв. Гэвч амар амгалан нь үгүй.
[15] Тэд өөрсдийн үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү? Тэд харин ч огт ичсэнгүй. Тэд яаж улайхыг ч хүртэл мэдэхгүй байв. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно" гэж ЭЗЭН айлдаж байна.
[16] ЭЗЭН ингэж айлдаж байна. "Замууд дээр зогсож, хар. Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно. Харин тэд «Бид алхахгүй» гэсэн юм.
[17] Би та нарын дээр харуул тавьж, "Бүрээн дууг сонс" гэв. Гэвч тэд "Бид сонсохгүй" гэсэн юм.
[18] Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ. Чуулган аа, тэдний дунд юу байгааг мэдэгтүн.
[19] Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирж байна. Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөд Миний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.
[20] Над уруу Шебагаас гүгэл, алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөд чиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.
[21] Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би эдгээр хүмүүсийн өмнө бүдрүүлэх чулуу тавьж байна. Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ. Хөршүүд болон найзууд сүйрнэ".
[22] ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд нэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.
[23] Тэд нум, жад агсах агаад хэрцгий, өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг. Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.
[24] Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.
[25] Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв. Учир нь дайсанд илд байгаа бөгөөд тал бүрд айдас байна.
[26] Миний ард түмний охин оо, таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.
[27] Би чамайг Өөрийн ард түмний дунд шинжлэгч болон хянагч болгосон нь чи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм".
[28] Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид. Хүрэл ба төмөр. Тэд бүгдээрээ завхарсан.
[29] Тулман хөөргөөр ширүүн үлээж, хар тугалга шатаж байна. Гэвч цэвэршүүлэлт үр дүнгүй явагдлаа, хорон муу хүмүүс тусгаарлагдаагүй.
[30] ЭЗЭН тэднийг голсон тул тэднийг гологдсон мөнгө гэдэг.