Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:51

[1] Израилийн гэр ээ, ЭЗЭНий чамд айлдаж буй үгийг сонс.

[2] ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үндэстнүүдийн замуудыг бүү сур, хэдийгээр үндэстнүүд тэдгээрээс айдаг ч тэнгэрийн тэмдгүүдээс бүү ай.

[3] Учир нь хүмүүсийн заншил амттай билээ. Яагаад гэвэл энэ бол ойгоос тайрсан мод буюу сийлбэрийн багажаар хийсэн дархан хүний гарын бүтээл юм.

[4] Тэд мөнгө болон алтаар чимдэг. Түүнийг ганхуулахгүйн тулд тэд түүнийг хадаас алхаар бэхэлдэг.

[5] Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй. Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай! Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ".

[6] ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм.

[7] Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.

[8] Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг. Тэдний шүтээн бол мод.

[9] Давтсан мөнгийг Таршишаас, дархны болон алтны дархны гарын бүрээл болох алтыг Уфазаас авчиржээ. Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан. Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм.

[10] Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж, үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй.

[11] Чи тэдэнд "Тэнгэрүүд ба газрыг бүтээгээгүй бурхад газар дэлхийгээс болон тэнгэрүүдийн доороос устгах болно" гэж хэл.

[12] Өөрийн чадлаар газар дэлхийг бүтээсэн, Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон нь Тэр билээ. Өөрийн ухаанаараа Тэрээр тэнгэрүүдийг өргөсгөсөн.

[13] Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөд Тэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

[14] Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй. Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог. Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.

[15] Тэд үнэ цэнэгүй, доог тохуу болох бүтээл. Шийтгэлийнхээ үед тэд устах болно.

[16] Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.

[17] Бүслэлтэнд байдаг та нар газраас баглаатай юмаа ав!

[18] Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хаяж байгаа бөгөөд тэднийг олуулахын тулд Би тэднийг зовооно".

[19] Гэмтлийн минь улмаас би гаслантай яа! Миний шарх эдгэршгүй. Харин би "Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой" гэв.

[20] Миний майхан сүйтгэгдсэн бөгөөд миний бүх оосрууд тасрав. Миний хөвгүүд надаас явж, хэн ч үлдсэнгүй. Майхныг минь дэлгэж, хөшигнүүдийг минь тогтоох хэн ч байхгүй.

[21] Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.

[22] Мэдээний дуу! Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.

[23] ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ. Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ.

[24] Намайг засаач, ЭЗЭН, гэвч Өөрийн уур хилэнгээр бус, шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.

[25] Таны мэддэггүй үндэстнүүд дээр, мөн Таны нэрийг дууддаггүй ургууд дээр уур хилэнгээ Та асгаач. Учир нь тэд Иаковыг залгижээ. Тэд түүнийг залгин, шатааж, орон байрыг нь эзгүйрүүлсэн юм.

Иеремиа — Chapters