[1] ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.
[2] Тэрийнхүү дуулав. —ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч.
[3] Миний хоргоддог хад болох Бурхан минь. Миний бамбай, авралын эвэр, цайз хэрэм, хоргодох газар. Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.
[4] Магтаал хүндэтгэлийн ЭЗЭНийг дуудахад дайснуудаасаа би аврагддаг.
[5] Учир нь үхлийн давалгаа намайг хүрээлэн, сүйрлийн гол намайг айлгав.
[6] Үхэгсдийн орны уяа намайг хэрж, үхлийн тор над уруу чиглэв.
[7] Би зовж шаналж байхдаа ЭЗЭНийг дуудсан. Тийм ээ, би Бурхан уруугаа хашхирсан билээ. Тэр Өөрийнхөө дуганаас миний дууг сонсон, миний тусламж гуйн хашхирах нь Түүний сонорт хүрэв.
[8] Тэгтэл газар доргин хөдлөв. Тэр хилэгнэсэн учир тэнгэрийн суурь ч доргин чичрэв.
[9] Түүний хамраас утаа гарч, амнаас нь цөлмөн залгих гал гаран, түүгээр нүүрс асан шатаж байв.
[10] Тэр тэнгэрийг бөхийлгөн, хөл дороо түнэр харанхуйгаар бууж ирэв.
[11] Тэр нэгэн херуб хөлөглөн нисэж, салхиар жигүүрлэн, далавчин дээр үзэгдэв.
[12] Тэр Өөрийгөө тойруулан харанхуйг бүрхүүл болгож, их хэмжээний ус хийгээд зузаан үүлс бий болгов.
[13] Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав.
[14] ЭЗЭН тэнгэрээс аянга цахилуулан, Хамгийн Дээд Нэгэн нь дуугарав.
[15] Тэр сум тавьж, дайснуудаа тараан, аянга гялбуулж, тэднийг будлиулав.
[16] ЭЗЭНий зэмлэл, Түүний хамрын амьсгалаар далайн ёроол ил харагдаж, ертөнцийн суурь ил гарав.
[17] Тэр дээрээс явуулж, намайг авч, их уснаас татан гаргав.
[18] Тэр хүчит дайснуудаас болон өшин хорсогчдоос намайг аврав. Учир нь тэд надаас үлэмж хүчтэй байв.
[19] Надад гай гамшиг тохиолдсон өдөр тэд надтай нүүр тулгарсан боловч ЭЗЭН миний тулгуур байлаа.
[20] Тэр намайг хайрладаг учир намайг мөн өргөн уудам газарт авчран, намайг аварсан билээ.
[21] ЭЗЭН миний зөв шударга явдлын дагуу намайг шагнан, гарын минь цэвэр ариун байдлын төлөө намайг урамшуулав.
[22] Учир нь би Бурханы эсрэг бузар муу зүйл үйлдэлгүй ЭЗЭНий замаар явсан.
[23] Түүний бүх заавар өмнө минь байж, Түүний тогтоолуудаас нь би холдоогүй билээ.
[24] Би Түүний өмнө гэм зэмгүй бөгөөд нүглээс өөрийгөө хол байлгав.
[25] Тийм учраас Түүний өмнө зөв шударга болон цэвэр ариун байсан тул ЭЗЭН намайг шагнаж урамшуулсан юм.
[26] Өгөөмөр хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг, гэм зэмгүй хүнд Та Өөрийнхөө төгс болохоо харуулдаг.
[27] Цэвэр ариун явдалтай хүнд Та Өөрийнхөө ариуныг, тэрслүү хүнд Өөрийнхөө овжин гярхайг харуулдаг.
[28] Та шаналан зовж буй ардуудыг авардаг. Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг.
[29] ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг.
[30] Танаар би цэргийн хуаранг дайрч, Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг.
[31] Бурханы хувьд, Түүний зам төгс. ЭЗЭНий Үг шалгагдсан билээ. Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.
[32] ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?
[33] Бурхан бол миний хүчит цайз бөгөөд Тэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.
[34] Тэр хөлийг минь гөрөөсний хөл мэт болгон, намайг өндөрлөг газар дээр аваачдаг.
[35] Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.
[36] Та надад мөн авралын бамбайг өгсөн билээ. Таны тусламж намайг агуу болгов.
[37] Та алхааг минь томсгож, хөл минь халтирсангүй.
[38] Би дайснаа хөөж устган, тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцаж байсангүй.
[39] Тэднийг босгож ирүүлэхгүйн тулд би тэднийг цөлмөж сөнөөв. Тэгээд тэд миний хөл доор унасан билээ.
[40] Тулалдахад Та надад хүч чадал бүслүүлж, намайг эсэргүүцэн босогчдыг хөлд минь хөсөр унагав.
[41] Та мөн дайснуудын минь нурууг над уруу харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав.
[42] Тэд харуулдавч, тэднийг хэн ч аварсангүй. Тэд ЭЗЭНд хандсан боловч, Тэр хариу өгсөнгүй.
[43] Би тэднийг газрын тоос мэт бут цохин, гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.
[44] Та намайг хүмүүсийн минь маргаанаас аварч, намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.
[45] Харь үндэстэн надад зусардан, тэд сонсонгуутаа миний зарлигийг үг дуугүй дагадаг.
[46] Харь хүмүүс зүрх алдаж, цайзаасаа чичрэн гарч ирдэг.
[47] ЭЗЭН амьд. Ерөөгдөх болтугай, миний хад! Өргөмжлөгдөх болтугай, авралын минь хад болох Бурхан!
[48] Миний өмнөөс өшөө авдаг, хүмүүсийг миний эрхэн дор оруулдаг Бурхан,
[49] Та намайг дайснуудаас минь гарган авчирдаг Бурхан. Та намайг эсэргүүцэн босогчдын дээр өргөмжлөн босгож, харгис хүнээс намайг аварсан билээ.
[50] Тийм учраас ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж, Таны нэрийг магтан дуулъя.
[51] Тэр бол Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөд Өөрийнхөө тосолсон нэгэндээ, Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг гэж дуулав.