[1] Соломоны дуунуудын дуун. —
[2] Амныхаа үнсэлтээрээ тэр намайг үнсэг! Учир нь чиний хайр дарснаас ч илүү.
[3] Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөд чиний нэр асгагдсан тос мэт тул охид чамд дурлана.
[4] Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе! Намайг хаан өөрийн танхимуудад авчрав. —Бид чамаар бахдан, баярлаж, Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө. Тэдний чамайг хайрладаг нь зөв аж. —
[5] Иерусалимын охид оо! Би Кедарын майхнууд, Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.
[6] Бор хэмээн намайг бүү ширтээч. Учир нь намайг нар түлсэн юм. Эхийн минь хөвгүүд надад уурлаж, намайг усан үзмийн талбай арчлагч болгосон билээ. Харин би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.
[7] Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч. Сүргээ чи хаана бэлчээж, жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ? Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ? —
[8] Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь, сүргийн мөрөөр урагш явж, хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ.
[9] Хонгор минь, чи наддаа фараоны тэрэгнүүдийн дундах гүүтэй минь адил болой.
[10] Унжлага зүүлттэй хацар чинь, шүрэн зүүлттэй хүзүү чинь дур булаам энхрий. —
[11] Чамд бид мөнгөн унжлагатай алтан зүүлтийг хийж өгнө. —
[12] Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална.
[13] Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ.
[14] Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ. —
[15] Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Тагтаа мэт нүдтэй аж чи! —
[16] Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ! Үнэхээр буйдан маань өтгөн сахлаг аж.
[17] Байшингийн маань хөндлөвч нь хуш агаад дээвэр маань агар мод бөлгөө.