[1] Би бол Шароны сарнай, талын сараана цэцэг билээ. —
[2] Охидын дундаас миний хонгор минь өргөст ургамал дундах сараана цэцгийн адил байдаг билээ. —
[3] Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ. Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухад жимс нь ч надад чихэрлэг амттай байв.
[4] Намайг тэрээр цайллагын танхимдаа аваачив. Миний дээгүүрх түүний туг нь хайр юм.
[5] Үзэмтэй боовоор намайг тэтгэн, алимаар намайг сэргээгээч. Учир нь би дурлалдаа шаналжээ.
[6] Түүний зүүн гар миний толгой дор байж, баруун гар нь намайг тэврэг. —
[7] Иерусалимын охид оо, хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая. Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн бүү сэрээгтүн. —
[8] Сонсогтун! Хайрт минь! Харагтун, уулан дээгүүр харайсаар, толгод дээгүүр үсэрсээр тэр ирж явна.
[9] Миний хайрт зээр эсвэл идэр бугатай адил бөлгөө. Харагтун, хананы маань цаана тэр зогсоод, цонхоор харж, сараалжаар цухуйна.
[10] Миний хайрт надад хэлэх нь "Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя.
[11] Хараач, өвөл өнгөрч, бороо зогсож арилав.
[12] Газарт цэцэгс хэдийнээ ургаж, Дуу хуурын цаг ирж, нутагт маань хүүрзгэний дуу сонсогдоно.
[13] Инжрийн мод жимсээ боловсруулж, цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана. Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя!" гэнэ.
[14] Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчид буй тагтаахан минь ээ, надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч. Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.
[15] Усан үзмийн талбайг маань цэцэглэж байхад нь сүйтгэн буй бяцхан үнэгнүүдийг, тэр үнэгнүүдийг бидэнд барьж өгөөч.
[16] Хайрт минь минийх бөгөөд би түүнийх билээ. Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг.
[17] Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл, хайрт минь, буцан ирж, Бетерийн уулс дээрх ооно, эсвэл идэр буга шиг байгаач.