[1] —Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Гивлүүрийн чинь цаадах чиний нүд тагтаа мэт, үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт ажгуу.
[2] Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсан хонин сүрэг мэт аж. Тэд бүгд ихрийг тээдэг бөгөөд тэдний дунд ганц нь ч хургаа тээгээгүй билээ.
[3] Уруул чинь час улаан тууз мэт агаад ам чинь дур булаам билээ. Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт ажээ.
[4] Хүзүү чинь, чулуун эгнээгээр босгосон, дээр нь хүчирхэг эрсийн мянган бамбай өлгөөтэй Давидын цамхаг мэт болой.
[5] Хоёр хөх чинь, сараана цэцгийн дунд идээшлэх зээрийн ихэр янзага мэт аж.
[6] Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл миррийн уул уруу, гүглийн толгод тийш би өөрийн замаа хөөн одъё.
[7] Хонгор минь, чи бүхэлдээн үзэсгэлэнтэй бөгөөд чамд ямар ч өө сэв алга.
[8] Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Надтай хамт чи Ливанаас явж, Аманагийн оргилоос, Сенир, Хермоны оргилоос, Арслангийн үүрнээс, ирвэсүүдийн уулсаас уруудан аялах болтугай.
[9] Дүү минь, сүйт бүсгүй минь, чи зүрхний минь цохилтыг түргэсгэв. Нүднийхээ ганцхан харцаар, хүзүүний зүүлтийхээ ганцхан эрхээр чи зүрхний минь цохилтыг түргэсгэв.
[10] Дүү минь, сүйт бүсгүй минь, чиний хайр юутай сайхан бэ! Чиний хайр дарснаас, тосны чинь анхилуун үнэр бүх үнэртнүүдээс юутай илүү вэ!
[11] Сүйт бүсгүй минь, чиний уруул балыг дуслуулна. Хэлний чинь дор бал, сүү байх аж. Хувцасны чинь анхилуун үнэр Ливаны анхилуун үнэр мэт бөлгөө.
[12] Миний дүү, миний сүйт бүсгүй бол цоожлогдсон цэцэрлэг, цоожлогдсон чулуун цэцэрлэг, лацдуулсан булаг болой.
[13] Чиний нахиа нь анарын цэцэрлэг агаад энэ нь шилмэл жимстэй, нардтай суулгасан хенна,
[14] нард ба саффрон, годил ба шанцтай. Мирр болон алоены хамт хамгийн сайхан бүх үнэртэнтэй гүглийн бүх мододтой болой.
[15] Чи бол цэцэрлэгийн булаг, цэнгэг усны худаг, Ливанаас урсан гарах горхи болой.
[16] [Сүйт бүсгүй] —Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач. Хайрт минь цэцэрлэгтээ ирж, шилмэл жимсийг нь идэг.