Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:49

[1] Язгууртны охин минь, шаахай доторх хөл чинь юутай үзэсгэлэнтэй вэ! Ташааны чинь тойрог уран дархны гарын бүтээл болох эрдэнэс мэт аж.

[2] Хүйс чинь холилдсон дарсаар хэзээ ч үл дутах хундага мэт агаад Хэвлий чинь сараана цэцэгсээр хүрээлэгдсэн овоолсон буудай мэт билээ.

[3] Хоёр хөх чинь зээрийн ихэр хоёр янзага мэт аж.

[4] Хүзүү чинь зааны ясан цамхаг мэт, нүд чинь Бат-раббимын дааман хаалганы зэргэлдээх Хешбон дахь цөөрөм мэт, Хамар чинь Дамаскийн эгч харалдаах Ливаны цамхаг мэт билээ.

[5] Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаад толгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм. Хаан долгиолох үсэнд чинь автагджээ.

[6] Бүх гоо үзэсгэлэнтэйгээ хамт чи юутай дур булаам, юутай үзэсгэлэнтэй вэ, хайрт минь!

[7] Бие чинь далдуу мод мэт бөгөөд хөх чинь түүнийг хонгорцог мэт ажгуу.

[8] Би "Далдуу мод уруу би авирч, жимснийх нь шилбээс барья" гэв. Хөх чинь усан үзмийн хонгорцог мэт, амьсгалын чинь анхилуун үнэр алим мэт байх болтугай.

[9] Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай. Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч, миний хайртад төвөггүй хүрнэ. —

[10] Би өөрийнхөө хайртынх агаад түүний хүсэл нь миний төлөө юм.

[11] Нааш ир, хайрт минь, хамтдаа хөдөө явцгааж, шөнийг хоёулаа тосгон өнгөрье.

[12] Эртхэн хоёулаа босоод, усан үзмийн талбай уруу явцгаая. Усан үзмийн мод гөлгөлсөн эсэхийг, цоморлигоо нээсэн эсэхийг, мөн анарын мод цэцэглэсэн эсэхийг хоёулаа үзэцгээе. Тэнд би чамд янаг хайраа өгье.

[13] Мандрагор жимс үнэрээ анхилуулна. Үүдэн дээр маань шинэ ба хуучин шилмэл бүх жимс байна. Хайрт минь, би үүнийг чинийхээ төлөө хураан хадгалсан билээ.

Соломоны Дуун — Chapters