[1] Би Израилийг эмчлэх үед Ефраимын хууль бус байдлууд болон Самарийн хорон муу үйлдлүүд ил гаргагдана. Учир нь тэд хуурамчаар үйлджээ. Хулгайч дотогшоо орж, танхайчууд гадна талд дээрэм хийнэ.
[2] Би тэдний бүх хилэнцийг санаж байгаа гэдгийг тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй. Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон хүрээлж байна. Тэд Миний нүүрний өмнө байна.
[3] Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж, заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.
[4] Зуурсан гурил нь нухагдаад эсэх хүртэл нь галаа хөдөлгөхгүй байгаа талх баригчийн халаасан зуух шиг тэд бүгд садарлагчид юм.
[5] Манай хааны өдөрт ноёд нь дарсанд цохиулан, өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгадаг.
[6] Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед тэдний зүрх нь зуух мэт байх ажээ. Тэдний уур нь шөнөжин дүрэлзэж, өглөө болоход бадарсан гал мэт шатдаг.
[7] Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд өөрсдийн захирагчдыг түймэрддэг. Тэдний бүх хаад нь унасан бөгөөд тэдгээрийн хэн нь ч Намайг дууддаггүй.
[8] Ефраим нь өөрийгөө ард түмнүүдтэй хольсон. Ефраим нь эргүүлэгдээгүй талх мэт болжээ.
[9] Харийнхан түүний хүч чадлыг цөлмөх боловч тэрээр үүнийг мэддэггүй. Мөн өөр дээр нь буурал үс цацагдсан байхад ч тэр үүнийг мэддэггүй.
[10] Хэдийгээр Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг боловч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу буцаж ирсэнгүй. Энэ бүгдийн төлөө Түүнийг хайсан ч үгүй.
[11] Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.
[12] Тэднийг явмагц Би тороо тэдний дээр хаях болно. Би тэднийг огторгуйн шувууд мэт доош буулгана. Чуулгандаа тунхагласных нь дагуу Би тэднийг жанчих болно.
[13] Надаас зугтан тэнэсэн тул тэд гаслантай яа! Тэд Надаас урвасан учир сүйрэл нь тэднийх билээ! Би тэднийг авармаар байсан ч тэд Миний эсрэг худал ярьдаг.
[14] Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй. Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.
[15] Хэдийгээр Би тэдний гарыг дасгалжуулан тэнхрүүлсэн боловч тэд Миний эсрэг хорон мууг сэддэг.
[16] Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй. Тэд хуурамч нум мэт байна. Тэдний ноёд нь хэл амныхаа ичгүүргүй байдлаас болж илдэнд унах болно. Энэ нь Египет газарт тэдний доог тохуу болох юм.