[1] Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ. Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.
[2] Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ. Түүнд хандаж "Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач. Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе.
[3] Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй. Бид гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог".
[4] Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана. Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.
[5] Би Израильд шүүдэр шиг байх болно. Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.
[6] Түүний мөчрүүд нь нахиалж, түүний гоо үзэсгэлэн нь чидун мод шиг, түүний анхилуун үнэр нь Ливаны хуш мод шиг болно.
[7] Түүний сүүдэрт амьдрагсад нь дахин үр тариаг ургуулан, усан үзмийн мод шиг цэцэглэх болно. Түүний алдар нэр нь Ливаны усан үзмийн дарс шиг байх болно.
[8] Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.
[9] Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго. Гярхай нэгэн эдгээрийг мэдэг. Учир нь ЭЗЭНий замууд зөв юм. Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.