[1] Ефраим салхиар хооллон, үргэлж дорны салхийг мөшгөдөг. Тэр заль мэт ба хүчирхийллийг олшруулна. Үүнээс гадна тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.
[2] ЭЗЭН бас Иудатай маргалдаж, Иаковыг өөрийнх нь замуудын дагуу шийтгэнэ. Тэр түүний үйлдлүүдийн дагуу түүнд эргүүлэн төлөх болно.
[3] Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж, өсөн том болсны дараа Бурхантай тэмцэлдсэн.
[4] Тийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан ноёрхсон. Тэрээр уйлан Түүний тааллыг хайсан. Тэр Түүнийг Бетелд олоод тэнд Тэр бидэнтэй ярьсан.
[5] Тэр нь ЭЗЭН, түмэн цэргийн Бурхан юм. Түүний нэр бол ЭЗЭН билээ.
[6] Тийм учраас өөрийн Бурхан уруу буц, энэрэл ба шударга ёсыг сахьж, үргэлж Бурханыгаа хүлээ.
[7] Гартаа хуурамч жинлүүр атгасан худалдаачин нь дарлах дуртай.
[8] Ефраим нь "Үнэхээр би баян болсон. Би өөрийнхөө төлөө эд баялгийг олсон. Миний бүх хөдөлмөр дотор нүгэл хэмээн тооцогдохоор ямар ч хууль бус зүйлийг тэд надаас олохгүй" гэсэн.
[9] Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсан. Товлогдсон найр наадмуудын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.
[10] Би бас эш үзүүлэгчдэд айлдан, үзэгдлүүдийг олшруулсан. Эш үзүүлэгчдээр дамжуулан Би сургаалт зүйрлэлүүдийг өгсөн.
[11] Гилеадад хууль бус явдал байна уу? Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.
[12] Одоо Иаков нь Арамын нутаг уруу зугтаж, Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан, эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.
[13] Харин эш үзүүлэгчээр дамжуулан ЭЗЭН Израилийг Египетээс гаргаж, эш үзүүлэгчээр дамжуулан тэрээр хамгаалагдсан.
[14] Ефраим нь гашуун уур хилэнг өдөөн хатгасан. Тиймээс Эзэн нь түүний цусны бурууг өөр дээр нь орхиж, түүний зэмлэлийг өөрт нь буцаан өгнө.