Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:56

[1] ЭЗЭН, бидэн дээр юу унасныг санаач. Харж, бидний зэмлэлийг үзээч!

[2] Бидний өв харийнхан уруу, гэрүүд маань гадны хүмүүс уруу эргүүлэн өгөгдөв.

[3] Бид эцэггүй өнчин болсон бөгөөд эхчүүд маань бэлэвсэн эмэгтэйчүүд мэт байна.

[4] Бид уух усныхаа төлөө хөлс төлж, түлээ маань үнэтэй байна.

[5] Биднийг мөшгөгчид хүзүүнд маань тулаад ирлээ. Бид эцэж, бидэнд ямар ч амралт алга.

[6] Хангалттай талхыг олохын тулд бид Египет, Ассирид захирагдав.

[7] Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй. Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.

[8] Боолууд биднийг ноёрхож байна. Тэдний гараас биднийг салгах хэн ч алга.

[9] Цөл дэх илдний улмаас бид амь өрсөн талхаа олж авдаг.

[10] Ган гачгийн шатаах халууны улмаас бидний арьс зуух шиг халуун болов.

[11] Тэд Сионд эмэгтэйчүүдийг, Иудагийн хотуудад онгон охидыг хүчиндэв.

[12] Хан хөвгүүд гараасаа дүүжлэгджээ. Ахмадууд үл хүндлэгджээ.

[13] Залуу эрэгтэйчүүд тээрэмд ажилласан бөгөөд залуус гуалин модны дор бүдрэв.

[14] Ахмадууд дааман хаалгануудаас, залуус хөгжмөөсөө холдов.

[15] Бидний зүрхний баяр хөөр зогсов. Бидний бүжиг уй гашуугаар солигдов.

[16] Бидний толгойгоос титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул гаслантай яа!

[17] Үүний улмаас бидний зүрх доройтон, эдгээр зүйлсийн улмаас бидний нүд сүүмийнэ.

[18] Эзгүйрэн хэвтэх Сион уулын улмаас үнэгүүд дээгүүр нь гэтнэ.

[19] ЭЗЭН, Та мөнхөд захирдаг. Таны хаан ширээ үеэс үед оршино.

[20] Юунд Та биднийг үүрд мартана вэ? Юунд Та биднийг ийм удаан орхино вэ?

[21] Бид сэргээгдэхийн тулд, ЭЗЭН, биднийг Өөр уруугаа сэргээгээч. Урьдынх шиг бидний өдрүүдийг шинэчлээч.

[22] Эс бөгөөс Та биднээс бүрмөсөн татгалзаж, бидэнд хэтэрхий их уурлах вий.

Гашуудал — Chapters