Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:16

[1] Алт юутай хар болж, цэвэр алт юутай их өөрчлөгдөв! Гудамж бүрийн буланд нандин чулуунууд асгагдав.

[2] Сайн алтаар үнэлэгдэж байсан Сионы эрдэнэт хөвгүүд хэрхэн ваарчны гарын ажил болох шавар ваар мэт болов!

[3] Цөөвөр чононууд ч хүртэл хөхөө өгч, бэлтрэгүүдээ тэжээдэг. Миний ард түмний охин цөл дэх тэмээн хяруул мэт харгис болов.

[4] Цангаснаас болж нялхсын хэл тагнаанд наалдана. Багачууд талх гуйх боловч хэн ч хувааж өгөхгүй юм.

[5] Амттаныг иддэг байсан хүмүүс гудамжнуудад хаягдана. Нил ягаан бөс даавуу өмсдөг байсан хүмүүс үнсний сав тэвэрнэ.

[6] Учир нь миний ард түмний охины гэм буруу нь Содомын нүглээс ч үлэмж их юм. Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом уруу ямар ч гар эргээгүй билээ.

[7] Түүний ариусгагдсан хүмүүс цаснаас ч цэвэр бөгөөд тэд сүүнээс ч цагаан байлаа. Тэд биеэрээ шүрнээс ч илүү улаахан, өнгө нь индранил мэт байв.

[8] Тэдний төрх нь хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болов. Тэдний арьс ясан дээр нь хорчийж, хатаж, мод мэт болжээ.

[9] Өлсгөлөнд үрэгдэгсдээс илдээр алуулагсад дээр ажээ. Учир нь тэд талын үр жимс дутагдсанаас цохигдон, хатаж гандана.

[10] Өрөвч эмэгтэйчүүдийн гарууд өөрсдийн хүүхдүүдийг чанасан юм. Миний ард түмний охины сүйрлийн улмаас хүүхдүүд нь тэдний хоол болов.

[11] ЭЗЭН Өөрийн хилэнг гүйцэлдүүлж, Өөрийн догшин хилэнг асгав. Тэрээр суурийг нь түймэрдсэн галыг Сионд тавьжээ.

[12] Өстөн ба дайсан Иерусалимын дааман хаалгуудаар орно гэдэгт газар дэлхийн хаад ч, Дэлхийн оршин суугчдын аль нь ч итгээгүй.

[13] Түүний дунд зөв шударга хүний цусыг урсгасан эш үзүүлэгчдийнх нь нүгэл болон тахилч нарынх нь гэм буруугаас болж

[14] тэд гудамжинд сохроор тэнүүчилнэ. Хувцсанд нь хэн ч хүрч чадахааргүй болтол тэд цусаар бузарлагдсан байлаа.

[15] "Зайлагтун! Бузартсан" гэж тэд өөрсдийнхөө тухай хашхирав. "Зайл, зайл, бүү хүр!" Тиймээс тэд зугтан, тэнүүчилнэ. Үндэстнүүдийн дунд "Тэд цаашид амьдрах ёсгүй" гэлцэв.

[16] ЭЗЭНий оршихуй тэднийг тараасан бөгөөд Тэрээр тэднийг ойшоож үзэхээ болино. Тэд тахилч нарыг үл хүндэтгэж, ахмадуудыг эс хайрлав.

[17] Тусламж ашиггүй байсан тул бидний нүд сүүмийв. Аварч чадахгүй үндэстнийг бид харуулдан харж байсан билээ.

[18] Бид өөрсдийн гудамжнуудад алхаж чадахгүйн тулд тэд бидний алхааг отож байв. Бидний төгсгөл ойртов. Бидний төгсгөл ирчихсэн тул бидний өдрүүд дууссан байв.

[19] Биднийг мөшгөгчид тэнгэрийн бүргэдээс хурдан байлаа. Тэд биднийг уулсын дээгүүр хөөж, биднийг цөлд отон хүлээв.

[20] "Түүний сүүдэр дор бид үндэстнүүдийн дунд амьдарна" хэмээн бидний хэлж байсан, бидний хамрын амьсгал болох ЭЗЭНээр тослогдсон нэгэн тэдний нүхнүүдэд олзлогдов.

[21] Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр! Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.

[22] Сионы охин оо, гэм буруу чинь гүйцлээ. Тэрээр чамайг цаашид цөлөхгүй. Едомын охин оо, Тэрээр чиний гэм бурууг шийтгэх болно. Тэрээр чиний нүглүүдийг дэлгэх болно!

Гашуудал — Chapters