[1] Түүний хилэнгийн саваанаас болж зовлон үзсэн хүн нь би байна.
[2] Тэр намайг тууж, гэрэлд бус, харанхуйд алхуулсан.
[3] Үнэхээр миний эсрэг Тэрээр бүх л өдрийн туршид дахин дахин мутраа эргүүлсэн.
[4] Тэр миний арьс махыг тураан эцээж, яснуудыг минь хэмхчсэн.
[5] Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов.
[6] Он удаан үхэгсдийн адилаар намайг Тэр харанхуй газруудад оршин суулгав.
[7] Би гадагш гарч чадахааргүйгээр Тэр намайг хашив. Тэрээр гинжийг минь хүнд болгов.
[8] Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.
[9] Тэр миний замыг цавчсан чулуугаар хааж, миний жимийг тахир болгов.
[10] Миний хувьд Тэрээр отон хэвтэж буй баавгай мэт, Далд газруудад байх арслан мэт юм.
[11] Тэрээр замуудыг минь хажуу тийш эргүүлж, намайг хэсэгчлэн тастав. Тэр намайг үгүйрүүлэв.
[12] Тэрээр нумаа татаж, намайг сумныхаа бай болгов.
[13] Тэрээр саадган дахь сумнуудаа миний дотор эрхтэн уруу оруулахаар боллоо.
[14] Би өөрийн бүх хүмүүст тохуурхал буюу бүхэл өдрийн дуу нь боллоо.
[15] Тэр намайг гашуудлаар дүүргэж, намайг агиар согтоов.
[16] Тэрээр хайргаар шүдийг минь хугачиж, намайг тоосон дунд нөмрүүлэв.
[17] Сэтгэл минь амар амгалангаас хагацан, би жаргалыг мартав.
[18] Тиймээс би "Миний хүч чадал, мөн ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч мөхөв" гэж байна.
[19] Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач.
[20] Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна.
[21] Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.
[22] ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.
[23] Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ.
[24] "ЭЗЭН бол миний хувь" гэж сэтгэл минь хэлж байна. "Тийм учраас би Түүнд найддаг".
[25] Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ.
[26] ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой.
[27] Залуу насандаа буулгыг үүрэх нь хүнд сайн болой.
[28] Тэрээр түүний дээр тавьснаас хойш ганцаараа суун, чимээгүй байг.
[29] Тэр хүн амаа шороон дотор хийг, тэнд найдвар байж магад.
[30] Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг.
[31] Учир нь Эзэн мөнхөд татгалзахгүй.
[32] Хэрэв Тэрээр гансралд хүргэдэг бол, Өөрийн арвин их хайр энэрлийн дагуу Тэрээр өршөөх бөлгөө.
[33] Учир нь Тэрээр хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй.
[34] Газар нутгийн бүх хоригдлуудыг Түүний хөл доор няцлах,
[35] Хамгийн Дээд Нэгэний оршихуйд зөв шударга хүнийг үгүйсгэх,
[36] шүүлтэн дээр нь хүнийг мэхлэх зэрэг эдгээр зүйлсийг Эзэн үл сайшаадаг.
[37] Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?
[38] Сайн болон муугийн аль аль нь Хамгийн Дээд Нэгэний амнаас гардаггүй гэж үү?
[39] Амьд хүн дүрстэн болон хүн нүглээ шийтгүүлж байхдаа юунд гомдох ёстой вэ?
[40] Өөрсдийн замуудыг нягтлан ажиглаад, ЭЗЭН уруу буцацгаая.
[41] Тэнгэр дэх Бурханы зүг бид өөрсдийн зүрх болон гараа өргөдөг.
[42] Бид нүгэл үйлдэн, тэрсэлсэн бөгөөд Та уучлаагүй билээ.
[43] Та уураар хучин, биднийг мөшгөсөн. Та өршөөлгүйгээр хядсан.
[44] Ямар ч залбирлыг нэвтрүүлэхгүйн тулд Та Өөрийгөө үүлээр хучив.
[45] Та биднийг ард түмнүүдийн дунд хог хаягдал, баас болгосон.
[46] Бидний бүх дайснууд бидний эсрэг амаа нээв.
[47] Мэгдэлт болон урхи, сүйрэл болон үгүйрэл бидэнд учрав.
[48] Миний ард түмний охины сүйрлийн улмаас нүд минь усны урсгалаар урсана.
[49] Миний нүд зогсолтгүйгээр, тасралтгүй асгардаг бөгөөд
[50] ЭЗЭНийг доошоо харж, тэнгэрээс харах хүртэл ингэдэг юм.
[51] Хотын минь бүх охидоос болж миний нүд сэтгэлд минь шаналал авчирна.
[52] Миний дайснууд шалтгаангүйгээр намайг шувуу адил харважээ.
[53] Тэд намайг нүхэн дотор чимээгүй болгон, миний дээр чулуу тавив.
[54] Толгой дээр минь ус урссан. "Би таслагдав" гэж би хэлэв.
[55] Хамгийн гүн нүхнээс би Таны нэрээр дуудлаа, ЭЗЭН.
[56] "Миний тайтгарлаас, тусламж гуйсан хашхиралтаас минь чихээ бүү нуугаач" гэсэн миний дууг Та сонсжээ.
[57] Би Тан уруу дуудахад Та ойртон иржээ. "Бүү ай!" гэж Та айлдав.
[58] Эзэн, Та миний сэтгэлийн хэргийг өмгөөлжээ. Та амийг минь зольсон.
[59] ЭЗЭН, Та миний дарамтыг харсан билээ. Хэргийг минь шүүгээч.
[60] Тэдний бүх өс хонзонг, миний эсрэг тэдний бүх далд явуулгуудыг Та харсан билээ.
[61] ЭЗЭН, тэдний зэмлэлийг, миний эсрэг тэдний бүх далд явуулгуудыг Та сонссон билээ.
[62] Над уруу дайрагчдын уруул хийгээд тэдний шивнээ бүхэл өдрийн турш миний эсрэг байна.
[63] Тэдний сууж, босохыг хараач. Би тэдний шог дуу нь юм.
[64] ЭЗЭН, Та тэдэнд гарынх нь үйлсийн дагуу хариу өгөх болно.
[65] Та тэдэнд зүрхний хатуурлыг өгөх бөгөөд Таны хараал тэдний дээр байх болно.
[66] Та уурандаа тэднийг мөшгөж, ЭЗЭНий тэнгэрийн доороос тэднийг устгах болно!