Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:45

[1] Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ? Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!

[2] Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна. Бүх амрагуудынх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй. Түүний бүх найзууд түүнээс урвацгаажээ. Тэд түүний дайснууд болцгоожээ.

[3] Зовлон дор, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Тэрээр үндэстнүүдийн дунд оршдог боловч амралтыг эс олжээ. Түүний бүх мөшгөн хөөгчид зовлон шаналлын дунд түүнийг гүйцэн барив.

[4] Тогтоогдсон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд гашуудаж байна. Түүний бүх дааман хаалгууд эзгүйрчээ. Түүний тахилч нар ёолж, онгон охид нь зовж, тэрээр өөрөө ч гашуудаж байна.

[5] Түүний өстнүүд эзэд нь болж, түүний дайснууд хөгжин дэвшдэг. Учир нь түүний гэм буруу тоо томшгүйгээс болж ЭЗЭН түүнийг уй гашуутай болгожээ. Түүний бяцхан хүүхдүүд өстний өмнө олзлогдогсод мэт оджээ.

[6] Сионы охиноос бүх сүр жавхлан нь салжээ. Түүний хан хөвгүүд бэлчээрээ олоогүй буга мэт болов. Тэд мөшгөгчийн өмнө хүч тамиргүйгээр зугтав.

[7] Зовлон ба орон гэргүй болохын өдрүүдэд буюу түүний ард түмэн өстний гарт унаж, Хэн ч түүнд туслаагүй үед Иерусалим урьдын өдрүүдээс байсан өөрийн бүх үнэт зүйлсийг дурсан санагалзана. Өстнүүд түүнийг харж, эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.

[8] Иерусалим үлэмж нүгэл үйлдсэн, тиймээс ч тэрээр бузар зүйл болжээ. Түүнийг хүндэтгэж байсан бүхэн түүнийг жигшдэг. Учир нь тэд түүний нүцгэн байгааг харжээ. Тэр өөрөө ч хүртэл ёолж, цаашаа эргэдэг.

[9] Түүний бузар булай нь банзал дотор нь байлаа. Тэр өөрийн ирээдүйгээ эргэцүүлсэнгүй. Тиймээс тэрээр гайхмаар унажээ. Түүнд тайтгаруулагч ч байхгүй. "Дайсан өөрийгөө дөвийлгөсөн учраас, ЭЗЭН, миний зовлонг хараач!".

[10] Түүний бүх үнэт зүйлсийн дээр өстөн гараа сунгав. Учир нь Таны цуглаан уруу нэвтрэх ёсгүй гэж Таны тушаасан үндэстнүүд түүний ариун газар уруу нэвтрэхийг тэрээр харжээ.

[11] Түүний бүх хүмүүс талх хайн ёолно. Амиудаа өөрсдөө сэргээхээр тэд үнэт зүйлсээ хоол хүнснээс өгчээ. "Хар. ЭЗЭН, үзэгтүн. Учир нь би жигшигдэв.

[12] Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү? Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон, миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.

[13] Өндөр дээрээс Тэрээр миний яснууд уруу гал илгээсэн бөгөөд гал тэднийг хөмрөв. Тэрээр хөлд минь тор хаяжээ. Тэр намайг гэдрэг харуулжээ. Тэр намайг эзгүйрүүлж, бүх л өдөржин өвчлүүлэв.

[14] Миний гэм буруу буулга болжээ. Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо. Тэд хүзүүн дээр минь иржээ. Тэрээр хүчийг минь доройтуулав. Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.

[15] Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ. Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав. Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.

[16] Эдгээр зүйлсийн төлөө би уйлдаг. Нүд минь усаар урсана. Учир нь миний сэтгэлийг сэргээдэг нэгэн, тайтгаруулагч надаас алс хол байна. Дайсан ноёрхсоны улмаас хүүхдүүд минь хоосров".

[17] Сион гараа сунгана. Түүнийг тайтгаруулах хэн ч алга. Эргэн тойронд нь байгчид түүний өстнүүд байх болно хэмээн Иаковын тухайд ЭЗЭН тушаасан билээ. Иерусалим тэдний дунд бузар зүйл болжээ.

[18] "ЭЗЭН бол зөв шударга. Учир нь би Түүний тушаалуудын эсрэг тэрсэлжээ. Бүх хүмүүс ээ, одоо сонсож, өвдөлтийг минь харагтун. Онгон охид болон залуус минь олзлогдон оджээ.

[19] Би амрагуудаа дуудсан, тэд намайг мэхлэв. Миний тахилч нар болон миний ахмадууд өөрсдийн хүч тамирыг сэргээхээр хоол хүнсийг хайх зуураа хот дотор мөхөв.

[20] Хараач, ЭЗЭН. Учир нь би зовлон шаналал дотор байна. Миний сүнс ихэд зовж байна. Би маш их тэрслүү байснаас болж зүрх минь дотроо эргэн хөмрөв. Гудамжинд илд хяддаг. Гэр дотор ч үхэл мэт буюу.

[21] Намайг ёолохыг тэд сонсжээ. Намайг тайтгаруулах хэн ч алга. Бүх дайснууд минь миний гай гамшгийн талаар сонсжээ. Таны үйлдсэнд тэд баярлаж байна. Тэдний надтай адил болох өдрийг Та тунхагласан ёсоорооо авчраасай.

[22] Тэдний бүх хорон муу нь Таны өмнө ирэг. Миний бүх гэм буруугийн төлөө надад хандсан шигээ Та тэдэнд ч мөн тэгж хандаач. Учир нь ёолох дуу минь их, зүрх минь дорой байна".

Гашуудал — Chapters