Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:42

[1] Иудагийн хаад болох Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын Микад ирсэн ЭЗЭНий үг. Үүнийг тэр Самари болон Иерусалимын талаар харсан.

[2] Ард түмнүүд ээ, та нар бүгд сонсоцгоо! Дэлхий хийгээд түүнд багтдаг бүгд ээ, сонсогтун! Эзэн Өөрийн ариун сүмээс, Эзэн БУРХАН нь та нарын эсрэг гэрч байх болтугай!

[3] Учир нь үзэгтүн, ЭЗЭН Өөрийн ариун газраас урагш ирж байна. Тэр доош буун, дэлхийн өндөр газрууд дээр гишгэчих болно.

[4] Галын өмнөх лав мэт хайлан урсаж, эгц газраар доош цутгах ус мэт, уулс нь Түүний доор хайлж, хөндий талууд нь хуваагдана.

[5] Энэ бүгд нь Иаковын тэрслэл, Израилийн гэрийн нүглүүдийн төлөө юм. Иаковын эсэргүүцэл нь юу вэ? Самари биш гэж үү? Иудагийн өндөр газрууд нь юу вэ? Иерусалим биш гэж үү?

[6] Учир нь Би Самарийг задгай газар дахь сүйрлийн овоо, усан үзмийн төгөл суулгах газар болгоно. Би түүний чулуунуудыг хөндий уруу асгаж, суурийг нь ил гаргана.

[7] Түүний бүх шүтээнүүд нь бяцлагдаж, олсон бүгд нь галаар шатаагдана. Түүний бүх хөргүүдийг нь би устгана. Учир нь тэр эдгээрийг янхны ашгаас цуглуулсан бөгөөд тэдгээр нь янхны ашиг уруугаа буцна.

[8] Үүнээс болж би гашуудаж, уйлах ёстой. Би хөл нүцгэн, шалдан явах ёстой. Би цөөвөр чоно мэт гаслан, тэмээн хяруул мэт энэлэх ёстой.

[9] Түүний шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ. Энэ нь миний ард түмний дааман хаалганд, бүр Иерусалимд хүрсэн.

[10] Гатад үүнийг бүү хэл, ердөө уйлж болохгүй. Бет-ле-афрад шороонд өнхрөгтүн.

[11] Шафирын оршин суугч аа, ичгүүрт нүцгэн байдлаар өөрсдийнхөө замаар яв. Заананы оршин суугч гарч ирдэггүй. Бет-езелийн гашуудал "Тэр чамаас хамгаалалтыг нь авах болно" гэдэг.

[12] ЭЗЭНээс Иерусалимын дааман хаалга уруу гамшиг бууж ирснээс болж Маротын оршин суугч сайныг хүлээсээр дорой болдог.

[13] Лахишийн оршин суугч аа, морьдоо тэргэнд хөллөөрэй. Лахиш нь Сионы охинд нүглийн эхлэл байсан юм. Учир нь Израилийн тэрслүү үйлс нь чамаас олдсон юм.

[14] Тийм учраас чи Морешет-гатын өмнөөс хагацлын бэлгийг өгөгтүн. Ахзибын гэрүүд нь Израилийн хаадыг хуурах болно.

[15] Марешагийн оршин суугч аа, Би эзэмшигч нэгнийг та нар дээр авчирна. Израилийн яруу алдар нь Адулламд орж ирэх болно.

[16] Та нарын баяр баясгалан болох хүүхдүүдээсээ болж өөрсдийгөө халзан болгож, үсээ хус. Тэд та нараас одон, цөлөгдөх тул бүргэд мэт халзан байдлаа сунга.

Мика — Chapters