[1] Тэгээд би ийнхүү хэлэв. "Иаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо! Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү?
[2] Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан, тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд
[3] Миний ард түмний махыг идэж, тэдний арьсыг нь хуулан, тэдний ясыг нь хугалж, тогоонд болон саванд мах болгон тэднийг хэрчдэг".
[4] Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй. Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна. Учир нь тэд муу үйлс хийжээ.
[5] Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа "Амар амгалан" гэж хариулдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг тэд ариун дайн зарладаг.
[6] Тийм учраас энэ нь та нарт үзэгдэлгүй шөнө, мэргэ төлөггүй харанхуй болно. Нар эш үзүүлэгчид дээр шингэж, өдөр нь тэднийг бүрхэх харанхуй болно.
[7] Үзмэрчид гутамшиг болж, мэргэчид ичих болно. Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул тэд үнэхээр бүгд амаа халхлах болно.
[8] Өөрөөр хэлбэл, Иаковд өөрийнх нь тэрслүү үйлсийг нь, Израильд хүртэл түүний нүглийг нь мэдүүлэхийн тулд би хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, шударга ёс, эр зоригоор дүүрэн байна.
[9] Шударга ёсыг жигшиж, цэх шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо үүнийг сонсоцгоо!
[10] Та нар цус урсгаж Сионыг, шударга бус хучирхийллээр Иерусалимыг босгодог.
[11] Түүний удирдагчид хахууль аван шүүж, тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан, эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, "ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай гамшиг буухгүй" гэж хэлдэг.
[12] Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.