[1] Мунхаг галатчууд аа, хэн та нарыг ховсдов? Есүс Христ нүдэн дээр чинь нийтийн ѳмнѳ загалмайд цовдлогдсон бус уу?
[2] Та нар Сүнсийг хэрхэн хүлээн авсан гэж? Хуулийн үйлсээр үү? Эсвэл сонссондоо итгэснээр үү? Зѳвхѳн үүнийг л та нараас мэдэхийг би хүсэж байна.
[3] Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махан биеэр тѳгс болгогдож байна гэж үү?
[4] Та нарын ѳчнѳѳн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол
[5] та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамщгийг үйлддэг Тэрээр үүнийг Хуулийн үйлсээр үйлддэг үү эсвэл сонссондоо итгэснээр үйлддэг үү?
[6] Түүнчлэн Бурханд Абрахам итгэсэн нь түүнийг зѳвт байдалд тооцуулсан юм.
[7] Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хѳвгүүд юм гэдгийг мэдэж ав.
[8] Бурхан харь үндэстнүүдийг итгэлээр зѳвтгѳнѳ гэдгийг Бичээс урьдаас мэдээд “Бүх харь үндэстнүүд чиний дотор ерѳѳгдѳх болно” гэж Абрахамд сайн мэдээг урьдчилан тунхаглажээ.
[9] Тиймээс итгэлийн хүмүүс итгэгч Абрахамын хамт ерѳѳгдсѳн аж.
[10] Хуулийн үйлсийг түщигчид бүгдээрээ хараал дор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ.
[11] Хэн ч Бурханы ѳмнѳ Хуулиар зѳвтгѳгддѳггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зѳвт хүнr итгэлээр амьдарна”.
[12] Хууль нь итгэлээс гараагүй, харин “Эдгээрийг биелүүлэгч нь тэдгээрээр амьд байх болно”.
[13] Христ бидний тѳлѳѳ хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр ѳлгѳгдѳгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.
[14] Энэ нь Христ Есүс дотор Абрахамын ерѳѳлийг Харь үндэстнүүдэд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм.
[15] Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй.
[16] Амлалтууд нь Абрахамд болон үрд нь айлдагдсан юм. Тэр “Үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үрд” гэж айлдсан. Тэр бол Христ мѳн.
[17] Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дѳрвѳн зуун гучин жилийн дараа ирсэн тэр Хууль ч хүчингүй болгодоггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй”.
[18] Хэрэв ѳв залгамжлал нь Хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж.
[19] Тэгвэл юуны тулд Хууль байгаа юм бэ? Энэ нь амлалтыг авсан нэгэнд үр иртэл зуучийн гараар тэнгэр элч нараар дамжуулж тогтоогдон, нүгэл хилэнцээс болж нэмэгджээ.
[20] Зууч нь ганцынх бус, харин Бурхан бол ганц.
[21] Ингэхлээр Хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Учир нь хэрэв амьд болгох чадалтай хуулийг ѳгсѳн байсан бол зѳвт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан.
[22] Харин Бичээс, бүх юм нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь амлалтыг Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд ѳгѳхийн тулд юм.
[23] Гэвч итгэл ирэхээс ѳмнѳ, бид хожим илчлэгдэх итгэлд хаагдаж, Хуулийн дор хорионд байсан билээ.
[24] Тиймд бид итгэлээр зѳвтгѳгдѳхийн тулд бидний хувьд Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов.
[25] Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаащид зааварлагчийн дор байхаа болив.
[26] Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хѳвгүүд болсон ажээ.
[27] Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг ѳмссѳн юм.
[28] Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чѳлѳѳт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.
[29] Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бѳгѳѳд амлалтын дагуу ѳв залгамжлагчид мѳн.