Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:19

[1] Худал ба дээрмээр бүрэн дүүрсэн, цуст хот нь гаслантай яа. Түүний олз нь хэзээ ч одохгүй.

[2] Ташуурын дуу, дугуйнуудын таржигнасан чимээ, морьдын цогих, үсрэн харайх тэрэгнүүдийн дуу.

[3] Морьтонгууд мордож, илднүүд гялалзаж, жаднууд туяарна. Олон үхэгсэд, үй олон хүүрүүд. Тоо томшгүй их үхсэн биес нь үхсэн биес дээр бүдэрч байна.

[4] Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас, илбэчдийн нууц амраг дур булаам нэгнээс болсон юм. Тэр өөрийнхөө биеэ үнэлэх ажлаар үндэстнүүдийг худалдаж мөн гэр бүлүүдийг ид шидээр татдаг.

[5] "Харагтун, Би чиний эсрэг байна" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. "Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл өргөж, чиний нүцгэн байдлыг үндэстнүүдэд, чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлэх болно.

[6] Би чиний дээр бузар юмыг хаяж, чамайг олиггүй болгоно. Чамайг үзвэр мэт тавих болно.

[7] Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?".

[8] Усаар хүрээлэгдэн, Нил мөрний дэргэд байрласан Но-амоноос чи илүү дээр гэж үү? Гол нь түүний цайз болж, далай нь түүний хана байсан.

[9] Етиоп болон Египет түүний хэмжээ хязгааргүй хүч чадал нь байсан. Пут, Лубим нар түүний туслагчдын дунд байсан.

[10] Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.

[11] Та нар ч мөн согтож, нуугдан, дайснаас хоргодох газрыг хайх болно.

[12] Та нарын бүх бэхлэлтүүд бол боловсорсон жимстэй инжрийн мододтой адил юм. Тэднийг сэгсрэхэд л тэд идэгчийн аманд унадаг.

[13] Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм. Нутгийн чинь дааман хаалганууд танай дайснуудад өргөнөөр нээлттэй байна. Дааман хаалганы хаалтуудыг чинь гал шатаадаг.

[14] Өөртөө зориулан бүслэлтэндээ ус татаж ав! Бэхлэлтүүдээ бэхжүүл. Шаварт явж, наалданг шаврыг зуурч, тоосго шатаах зуухнуудаа засварла.

[15] Тэнд гал чамайг шатааж, илд чамайг цавчин унагах болно. Царцаа мэт тэр чамайг сүйтгэх болно. Өөрийгөө мөлхөгч царцаа мэт олшруул. Өөрийгөө багшрах царцаа мэт олон болго.

[16] Чи өөрийн худалдаачдыг тэнгэрийн оддоос илүү ихээр өсгөсөн. Харин тэд мөлхөгч царцаанууд адил тонож, нисэн одож байна.

[17] Чиний харуулууд багшрах царцаа мэт юм. Чиний өрлөг жанжнууд хүйтэн өдөр чулуун ханан дээр сууцгааж буй сүрэг дэвхрэгтэй адил. Нар мандахад тэд зугтаж, тэдний байгаа газрыг хэн ч мэдэхгүй.

[18] Өө, Ассирийн хаан аа. Чиний хоньчид унтаж, чиний язгууртнууд хэвтэж байна. Чиний ард түмэн уулсаар тарсан бөгөөд тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.

[19] Чиний бэртэлтэд ямар ч эмчилгээ байхгүй. Чиний шархнууд эдгэршгүй. Чиний тухай сонссон бүгд чам дээр алгаа таших болно. Учир нь хэн дээр чиний бузар муу нь үргэлжлэн очоогүй вэ?

Нахум — Chapters