[1] Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.
[2] ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм. ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм. ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг. Тэр Өөрийн дайснууддаа зориулан хилэнг хураадаг.
[3] ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа агуу. ЭЗЭН буруутныг шийтгэлгүй орхихгүй. Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг бөгөөд үүлс бол Түүний хөл доорх тоос юм.
[4] Тэр далайг зэмлэж, хатаадаг. Тэр бүх голуудыг хатаадаг юм. Башан, Кармел болон Ливаны дэлбээнүүд ганддаг.
[5] Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог. Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид, дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.
[6] Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.
[7] ЭЗЭН бол сайн. Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг.
[8] Харин Тэр халин урсах үерээр түүний байрлалыг эцэс болгож, Өөрийн дайснуудыг харанхуй уруу мөшгөн хөөнө.
[9] Та нар ЭЗЭНий эсрэг юуг ч сэдсэн, Тэр түүнийг чинь эцэс болгоно. Зовлон зүдгүүр хоёр дахь удаа гарч ирэхгүй.
[10] Тэд орооцолдсон өргөс шиг, өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.
[11] ЭЗЭНий эсрэг мууг сэдсэн нэгэн, зохисгүй зөвлөгч нь чамаас гарч ирсэн.
[12] ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тэд бүрэн хүчтэй, олон боловч, тэд таслагдаж, өнгөрөн одох болно. Би та нарыг зовоож байсан ч цаашид та нарыг Би зовоохгүй.
[13] Тиймээс одоо Би түүний буулгыг та нарын дээрээс эвдэн авч, дөнгүүдийг чинь таслах болно".
[14] Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан. "Чиний нэр цаашид дуурсагдахгүй. Би чиний бурхдын гэрээс шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна. Би чиний булшийг бэлтгэнэ. Учир нь чи жигшүүртэй юм".
[15] Харагтун. Сайн мэдээ авчирдаг, амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна. Өө Иуда, найр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл. Учир нь зохисгүй нэгэн чамаар дахин өнгөрөхгүй. Тэр бүрэн таслагдсан юм.