[1] Израилийн хөвгүүд болох та нарын эсрэг Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл бүтэн гэр бүлийн эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.
[2] "Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон. Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ".
[3] Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу?
[4] Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу? Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос, нүхэн дотроосоо архирах уу?
[5] Урхинд өгөөш байхгүй бол шувуу нь газарт буй урхинд унах уу? Юу ч баригдаагүй атал, урхи нь газраас дээш өргөгдөх үү?
[6] Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?
[7] Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.
[8] Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?
[9] Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. "Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.
[10] Гэвчтэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ".
[11] Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Дайсан, түүгээр ч барахгүй нутгийг бүсэлж байгаа нэгэн та нараас хүчийг чинь татан буулгаж, та нарын цайзууд тоногдох болно".
[12] ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Хоньчин нь арслангийн амнаас хоёр хөл болон чихний тасархайг булаан авдаг шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булантай, хэвтрийн дэвсгэртэй хамт булаан авч одох болно.
[13] Сонсож, Иаковын гэрийн эсрэг гэрчил" гэж Эзэн БУРХАН, түмэн цэргийн Бурхан тунхаглаж байна.
[14] "Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.
[15] Би бас өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно. Зааны ясан байшингууд бас сөнөж, агуу байшингуудыг эцэс болгоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.