Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:13

[1] Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн хүү, Амариагийн хүү, Гедалиагийн хүү, Кушийн хөвгүүн болох Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.

[2] "Би газрын гадаргуунаас бүх зүйлсийг бүрэн зайлуулах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

[3] "Би хүн ба амьтныг зайлуулах болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, балгаснуудыг хилэнцтэний хамт зайлуулах болно. Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

[4] "Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана. Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг тахилч нартай хамт энэ газраас таслах болно.

[5] Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг, доошоо бөхийж ЭЗЭНд тангарагладаг боловч Милкомоор тангарагладаг,

[6] ЭЗЭНийг дагахаас эргэн больсон, ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно".

[7] Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн, Тэр Өөрийн зочдоо ариусгасан.

[8] Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэд Би хааны хөвгүүд болох жононгуудыг ба өөрсдийгөө харийн хувцсаар хувцасласан бүх хүмүүсийг шийтгэх болно.

[9] Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болон эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг Би тэр өдөр шийтгэх болно.

[10] ЭЗЭН тунхаглаж байна. "Тэр өдөр Загасны Дааман хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар Дүүргээс гашуудал, толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.

[11] Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун. Учир нь Канааны бүх хүмүүс чимээгүй болгогдоно. Мөнгийг хэмждэг бүх хүн таслагдах болно.

[12] Тэр цагт Би дэнлүүнүүдтэйгээр Иерусалимыг нэгжин, сүнсээр зогсонги хүмүүсийг шийтгэх болно. Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.

[13] Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй, усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй".

[14] ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна. ЭЗЭНий өдөр, сонс! Тэнд дайчин нь цурхиран уйлж байна.

[15] Тэр өдөр бол хилэнгийн өдөр, бэрхшээл, зовлонгийн өдөр, эвдрэл, эзгүйрлийн өдөр, хар, түнэр харанхуйн өдөр, үүлс, өтгөн харанхуйн өдөр,

[16] бүрээ, дайтах уухайны өдөр юм. Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм.

[17] Би хүмүүст зовлонг авчирна. Ингэснээр тэд сохор хүн шиг алхах болно. Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ. Тэдний цус нь шороо мэт, махан бие нь баас мэт асгагдах болно.

[18] ЭЗЭНий хилэнгийн өдөр тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно. Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.

Зефаниа — Chapters